Хууль зөрчсөн иргэдийг шүүхэд өгчээ

Хууль зөрчсөн иргэдийг шүүхэд өгчээ

Өнөөдөр Мэргэжлийн хяналтын байцаагчид, цагдаагийн байгууллагатай хамтран тамхи хууль бусаар худалдаалж байгаа аж ахуйн нэгж, иргэдийг үйлдэл дээр нь барьж, шалгах ажлыг зохион байгууллаа. Энэхүү гэнэтийн шалгалтыг нийслэлийн хэмжээнд явуулж байгаа юм. Жишээлбэл Бөмбөгөр худалдааны төвийн баруун талын автобусны буудал дээр нийт эзэмшил газар буюу явган замыг таглан байршсан түц тамхины хяналтын тухай хууль зөрчин тамхи худалдаалж байсныг газар дээр нь илрүүлж, торгосон юм. Хэрвээ тамхины хяналтын тухай хууль зөрчин зөвшөөрөгдөөгүй газар тамхи татсан, борлуулсан иргэдийг цагдаагийн албан хаагчид үйлдэл дээр нь барих юм бол иргэнийг 50 хүртэлх мянган төгрөгөөр, аж ахуй нэгж байгууллагуудыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нугалсан мөнгөн дүнгээр торгох эрхтэй. Гэвч иргэд нэг удаа торгуулчихаад дахин хууль зөрчих үйлдэл их гаргадаг байна. Иймээс удаа дараа тамхины хяналтын тухай хууль зөрчсөн иргэдийг шүүхэд өгч, хэргийг шүүхээр шийдвэрлэдэг болжээ. Бөмбөгөрийн ойролцоо хууль зөрчин тамхи худалддаг буюу гар дээрээс нууцаар тамхи зардаг иргэд ихэвчлэн хажуу дахь "Бөмбөгөр" худалдааны төвөөс борлуулах тамхиа худалдан авдаг тухай эх сурвалжууд мэдээлж байна. Дээрх шалгалтын комисс энэхүү мэдээллийг аваад Бөмбөгөр худалдааны төвд шалгалт хийсэн боловч иргэдийн мэдээлсэн лангуу нь хаалттай байсан юм. Уг нь тус зах нь тамхины хяналтын тухай хуульд зааснаар жижиглэн болон бөөнөөр тамхи худалдаалах эрхгүй. Шалтгаан нь Бөмбөгөр захын ойролцоо ерөнхий боловсролын 24-р сургууль байрладаг. Twitter ►  / news_mn   Facebook ►   / news.mn